Ойрд орчлон хорвоогоор хөрвөө шарваа ихтэй, орон нутгаар хэрүүл маргаан ихтэй л байх шиг байна. Японд гамшиг болов. Байгалийн сүйрлийн өмнө хэн ч хүчин мөхөсдөнө гэдгийг япончуудын зовлон харуулж байна. Байгалийн сүйрлээс улбаатай технологийн сүйрэл ид заналхийлж байна. Гэхдээ наран арлынхан зовлонг сөрж сурсан улс. Удахгүй хөл дээрээ өндийгөөд ирэх нь мэдээжийн асуудал. Тиймээс наашлая. Саяхан Монголд хөшөөтэй дайн хийх аян хэсэг хүчээ аваад буцаад жаал намдах шив. Сосорбарам гэдэг хүн цаг хугацааны машин зохиосон гэнэ лээ. Тэгээд түүгээрээ 1921 он луу аялаад Сүхбаатар гэдэг баагий бол шал худлаа хөгийн гар байсныг нь олж мэдсэн гэнэ (Back to the Future, vol .1, oh yeah). Хамтран зүтгэгчээ буудаад алчихсан үнэн жудаггүй гар байсныг нь өөрийн биеэр харчихаад ирлээ, би байсан бол хэзээ ч тэгэхгүй, одоо энэ талаар жүжиг тоглох гэж байна гэж цаг хугацааны машинаар аялж ирснийхээ дараа нэг телевизээр шууд шулуухан ярьж байна лээ. Гавьяат жүжигчин хүн гэдгий нь тэгэхэд санав. Хөмсөгнийх нь хөдөлгөөн гайхалтай байна лээ. Буудаад алчихсан гэхээр нь би Сүхбаатар өөрөө буу шагайж байгаад буудчихсан, тэрий нь Соосорбарам харсан юм болов уу гэж гайхлаа. Үгүй болоод ирлээ, Сүхбаатар өөрөө буудсан биш харин буудуулахаас хамгаалж чадаагүй жудаггүй гар гэнэ ээ. Улаан оросууд буудсан, түүнээс нь хамгаалж чадаагүй гэнэ ээ. Мань хүн өөрөө байсан бол хамгаалах байсан гэнэ ээ. Би бас гайхав. Цаг хугацааны машинаар 1922 он луу явж бүхнийг нүдээрээ харсан хүн тэгээд хамгаалахгүй яасан юм бол гэж. Сүхбаатарыг шанаадаж унагаад, улаан оросууды нь тачанкаар шүршээд, Бодоог аварчихгүй. Тэгсэн бол 2011 онд Сосорбарамын талбай дээр Сосорбарамын хөшөө сүндэрлэх байсан даа.Би хувьдаа өнгөрсөн түүхийг танин мэдэж, уншиж судалж, ойлгож ухаарч болохоос шүүж болохгүй гэж боддог байсан юм. Зөвхөн тэр цаг үед нь харьяалагдагч л шүүх эрхтэй гэж боддог байсан юм. Цаг хугацааны машин гэж үнэхээр шидтэй сонихон эд юм. Сосорбарамд үнэхээр ховорхон аз тохиожээ. Тэр өнгөрсөн үед өөрийн биеэр очиж үзсэн болохоор түүхийг шүүх эрх түүнд байгаа болж таарч байна. Одоо манай алдарт жүжигчинд дараагийн алхмаа хийх үлдлээ. Аливаа биеийг газрын татах хүчинд захирагддаггүй болгодог тийм увидастай бодис гаргаж авах үлдлээ. Тэр бодисоо гаргаж аваад цаг хугацааны машинаа хөлөглөөд буцаад 20 хэдэн он луугаа явах (Back to the Future, vol.2, oh yeah) үлдлээ. Тэнд очоод Монголын газар нутгийг бүхэлд нь өнөөх шидтэй бодисоороо түрхэх үлдлээ. Тэгмэгц нь Монголын газар нутаг тэр чигээрээ дэлхийн гадаргаас сугаран агаарт хөөрнө. Тэрий нь үлээвэл үлээгээд, чирвэл чирээд Атлантын далайн эрэгт агуу Сэм авгын хаяанд аваачихад юухан байх вэ дээ.

"өнгөрсөн түүхийг танин мэдэж, уншиж судалж, ойлгож ухаарч болохоос шүүж болохгүй"
ReplyDeleteяг зөв санал нэг байна. Буруутай ч буруугүй ч нэгэнт өнгөрсөн шүү дээ.
Төрийн шагналтай хүн гэхээр заавал ухаантай хүн байх албагүй гэдгийг би ойлгосон :)
ReplyDelete