2009/09/02

Зуны шөнийн тэнгэр

Хот газрын утаат ертөнцийн хүү хөдөө нутгийн зуны саруул шөнийн тэнгэрийг нэгэнтээ хараад уулга алдан мэлрэх нь жам ёсны хэрэг бөлгөө. Тэнгэрийн хаяаг байшингийн дээврээр төсөөлж, одод орчлонг алдаг оног оч сүүмэлзсэн орой дээрх нэг баахан бараан юм төдийхнөөр сэтгэж явсан түүний хувьд хөдөөгийн шөнийн оддын чуулган гэдэг амилсан уран зөгнөл байх нь ээ. Үнэндээ одот тэнгэр гэдэг чинь үүнийг л хэлдэг юм, хүү минь. Хан Хурмастын эрх охин сувдан сондороо таслахад асгаран үлдсэн однууд юм, тэд чинь. Сондорын сувдны тоог хэлж баршгүй ээ. Сонихон бөгөөд шидтэй дээ, эд нар чинь. Сайн харж ав, хүү минь. Дараа нь зүүдлээрэй. Чиний бор зүрхэнд хожмын их үйлийн гал дөлийг ноцоох увидас эдэнд бий шүү.

3 сэтгэгдэл:

  1. Сайхан бичжээ. Зуны цэлмэг шөнө гайхамшигтай шүү.

    ReplyDelete
  2. Үүлгүй цэлмэг тэнгэрт гялалзан харвах оддын ертөнцийг ажиглан хэвтэж энэ орчлонгийн нэг хэсэг гэдгээ бие сэтгэлээрээ мэдрэх сайхан шүү.

    ReplyDelete
  3. Амарсайхан гүүшид талархав. Зуны саруул шөнө гоёхон доо, сайхан даа.

    ЭмВи, оддын хээг харахаар зүрх балчир насныхаар догдолж, ухаан бодол тэртээ уудам руу чавхдан алга болдог доо.

    ReplyDelete