2009/06/14

Том Хөлтийн эрэлд...

Орчуулгын талаарх булангийн бичлэгүүд маань дандаа киноны орчуулгатай холбоотой шүүмжлэлүүд болцон байх шив дээ. За энэ удаа ч гэсэн бас тэгэх нь ээ...

Саяхан SCH телевизээр (ийм нэртэй телевиз байдаг юм байна лээ, тэгээд бас кино гаргадаг юм байна лээ :mrgreen:) Strange Wilderness гэдэг кино харж суув. Байгаль ертөнц, ан амьтдын талаар нэвтрүүлэг хийдэг хэдэн баагийд тохиолддог адал явдлын тухай кино юм л даа.

Киноны гол баатрын хөтөлдөг байгалийн сэдэвтэй нэвтрүүлгийн рейтинг доошлоод эхлэнэ. Унасан рейтингээ дээшлүүлэхийн тулд нэн даруй ямар нэг "амь тариа" хэрэгтэй болно. Тэгтэл нэг сайн санаат хүн Өмнөд Америкийн Андын нуруунд амьдардаг Том Хөлт хэмээх онцгой содон, ховор, учир битүүлэг амьтны агуйн байрлалыг заасан газрын зургийг мань нөхөрт өгнө. Хэрэв энэ газрын зургийн дагуу явж тэр Том Хөлт гээчийг олж зургийг нь дарах эсвэл барьж авч чадах аваас сенсаци дэгдэж, гол баатрын нэвтрүүлгийн рейтинг ч суга өсөх болно. Ингээд мань нөхөр хэдэн баагий дагуулаад Том Хөлтийн эрэлд гарна даа.

Монголоор энэ киноны нэрийг нь юу гэж буулгадаг юм бил ээ байз? "Сонихон байгаль"? "Огтоос мэддэггүй онгон байгаль"? Хм... Хошин киноны нэр байхад нэг л зохимжгүй байгаа биз. Тэгэхээр киноны үйл явдлыг ерөнхийд нь санаж байгаад, бага зэрэг чөлөөт орчуулга хийгээд "Том Хөлтийн эрэлд" гээд нэрлэчихвэл болох байх.

Байзаарай... Юун Том Хөлт вэ? Том - Big, Хөл - Foot. Аанхан, тэгэхээр Bigfoot гэсэн англи үг юм байнашт. Өөрөөр хэлбэл bigfoot гэдэг үгийг киноны орчуулагч маань шууд калькийн аргаар хөрвүүлэн Томхөлт гэж монголчилжээ. Ядаж ингэж орчуулсан нь яамайдаа. Транскрипци хэрэглээд Бигфүүт гээд авчихсан бол яана?

Томхөлт гэж юу вэ? Эсвэл хэн бэ? Дэлхийн зарим бүс нутгийн уул, ой модонд цасан дээр, эсвэл шороон дээр үлдсэн аварга том нүцгэн хөлийн мөр олонтаа таардаг байна. Чухам ямар амьтан эсвэл хүн ийм мөрийг үлдээдэг нь одоо болтол тодорхойгүй. Хойд Америкийн оршин суугчид ийм мөрийн эзнийг bigfoot буюу Томхөлт гэж нэрийддэг. Тэгсэн байна аа, манай Монголд хүртэл ийм том мөр таардаг байна. Баруун аймгуудын уулархаг нутгууд ялангуяа Монгол Алтайд ийм мөр таарч байжээ. Нутгийн иргэд ийм мөр үлдээдэг амьтныг алмас гэж нэрийддэг. Говьд бас таардаг байна, говийнхон болохоор загийн шар эмгэн, хүн гөрөөс гэх мэтээр нэрлэнэ. Мэдээж монголчуудын хувьд алмас гэдэг нэр нь түгээмэл. Тэгэхээр, орчуулагч маань bigfoot гэдэг үгийг алмас гэж орчуулах байжээ дээ.

Томхөлтийн эрэлд үү? Үгүй ээ, Алмасын эрэлд! Орчуулагч хүн мэдлэгтэй байх ёстой гэж би хэлээд байгаа шүү!!! :mrgreen:

Жич1: Юмыг яаж мэдэх вэ, орос кино орчуулж суутал чинь снежный человек гээд гараад ирж магад, тэгвэл цасны хүн гэж болохгүй шүү, бас л алмас гэнэ шүү, хө. :mrgreen:

Жич2: Алмасын тухай Равжирын Равжир гэдэг хүний "Алмасын эрэлд" гэдэг сонирхолтой ном байдаг. Сонирхсон хүмүүс нь олж уншаарай.

10 сэтгэгдэл:

  1. Neeree tomxo'lt geed orchultsan bga ni yamaida kk.

    ReplyDelete
  2. Орчуулагчид олон талын мэдлэгтэй баймаар юм даа уул нь ХЭХЭХЭ.

    Гэсэн ч би ч гэсэн энэ талаар сайн бодох хэрэгтэй юм байна гэж санагдлаа.

    ReplyDelete
  3. Tiimee. Gants hoyorhon ugnees l bolj tom aldah magadlaltai yum shigee

    ReplyDelete
  4. Badka:
    Нээрэн тийм дээ :)

    Лхагвсүрэн:
    Яг нэг тийм нэвтэрхий толь шиг л хэ хэ хэ. Уг нь интернет энэ тэр гээд мэдээллээр өөрийгөө баяжуулж байхад бүрэн боломжтой цаг үед бид чинь амьдарч байгаа шүү дээ нээрэн.

    MW:
    Үнэн шүү хө.

    ReplyDelete
  5. Ug n' jaahan sudalgaa hiihed l uchriig n' olchihmoor. Zalhuugiinh yum uu daa. Gesnees hamgiin suuld mongold ochihod amerikiin Friends cuvralyg gargaj baisan. Humuusiin hoorondoh yariag oilgohiin argagui boltol orchuulsan baina lee shuu. Ineedmiin hoshin kino orchuulah bur l yarvigtai baih l daa. Gehdee arai ch dee gemeer uye ih olon baisan.
    Chi harin ih heregtei shuumj bichij baih shig sanagdlaa, bolbol sonin hevleld tavimaar.

    ReplyDelete
  6. Замбараагүй олон телевиз нэртэй студиуд киноны орчуулагчдын нэр хүндийг унагааж, үзэгчдийг доромжлох болж дээ. Муу орчуулагчтай бол сайн редактортай байх хэрэгтэй байтал, харамсалтай тэд орчуулгын редактор гэж хэн болохыг ч мэддэггүй бололтой.

    ReplyDelete
  7. Мэдлэгийн хүрээ дутуу дулимаг байдгаас орчуулгын алдаа гаргах нь элбэг байдаг. Какадуг харин өндөр мэдлэгтэй, сайн орчуулагч редактор байх гэж бодож байна.

    ReplyDelete
  8. Пийкфайндер:
    Харин тийм ээ. Нэг бол маш их завгүй хүн орчуулдаг байх, эсвэл маш их залхуу хүн орчуулдаг байх. Эхнийхд нь нэмэлт эрэл хайгуул хийх цаг байдаггүй байх, нөгөөдөхөд нь залхуутай байдаг байх.
    Оюунаа:
    Тоо олшрохоор эхэндээ чанар мууддаг гэдэг. Харин яваандаа тооноос чанарт гэдэг дээ. Тийм ахиц дэвшил гарах нь үгүй юу хэдүүлээ харж л байя. Орчуулгын редактор гэж ер нь байдаг болов уу нээрэн?
    Зүнжээ:
    Хэ хэ хэ. Би тийм айхтар өндөр мэдлэгтэй, сүрхий орчуулагч редактор нтр биш л дээ. Харин их сониуч, элдэв юмыг танин мэдэх дуртай хүн гэх юм уу даа :D

    ReplyDelete
  9. За байз нөгөө "ягчис" гэдэг үг нь англи хэлний ямар үгийг төлөөлөх үү? Female bigfoot гэх үү?

    ReplyDelete
  10. Одоо тэгэх л байх даа.

    ReplyDelete