2009/05/03

Одоогийн хямралыг капитализм тэсэх бол уу?

Одоогийн хямралыг капитализм тэсэх бол уу, эсвэл Өрнөдөд нийгмийн донсолгоо гарч, дэлхий нийтээр "зүүний" болох юм бол уу? гэж АНУ-ын мэргэд маргаж байна.

Ашгийг хувиарлах уриагаар ялсан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг шүүмжлэгчид "социалист этгээд" гэхээс өөрөөр нэрлэхгүй байна. Зах зээлд төр оролцохгүй байх санаа мөхөв гэж Францын Ерөнхийлөгч Николя Саркози мэдэгджээ.

Зах зээлийн эдийн засагт төрөөс эрс оролцох, хувийн банк, компаниудыг улсын болгох хандлага идэвхжсэн нөхцөлд энэ сэдвийг Колумбийн их сургуулийн дэргэдэх капитализм, нийгмийн төвд саяхан болсон жил дутмын бага хурал дээр зонхилон хэлэлцжээ. Энэ бага хуралд нэрд гарсан хөрөнгө оруулагч Жорж Сорос, эдийн засгийн салбар дахь нобелийн шагналтнуудаас аваад Барак Обамагийн хямралтай тэмцэх ерөнхий зөвлөх Пол Волкер хүртэл нэртэй санхүүч, эдийн засагч, шинжээчид цугларчээ.

"Энэ хямрал капитализмын хувьд сорилт болов. Капитализм хямравч тэсч гарна. Гэхдээ санхүүгийн системийг зарим талаар хянаж үзэх шаардлагатайд би итгэдэг. Санхүүгийн систем урьдын либерал байдлаараа сэргэхэд би итгэж байдаг" гэж Волкер зоог барих үед мэдэгджээ.

Уулзалт хаалттай болов. АНУ-ын фондын зах зээлийн хувьцаа долоо хоногийн турш буурсан ч зарим оронд аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн буурах хурд бүр их байна гэсэн мэдээгээр Волкер тэнд цугларагсдыг тайвшруулав.

Иракт зориулсан "Хүнсний хариуд нефть" гэсэн НҮБ-ын хөтөлбөрийг тойрсон авлигалыг илчилсэн дуулианаар нэрд гарсан Волкер "даварсан капитализмын" үе АНУ-ын том компаниудын сүйрлийн хамт өнгөрөв гэж тэмдэглэжээ. Обамагийн зөвлөх шинэ капитализмыг "илүү зохицуулалттай, хяналттай" болно гэж үзэж байна.

Нэрд гарсан хөрөнгө оруулагч, биржид дам үсэргэгч Сорос ч либерал капитализмд урам хугарчээ. "Зах зээлийн фундаментализм, зах зээл өөрийгөө засч чадна гэдэгт итгэх итгэл дэлхий нийтийн зах зээл зохицуулалтаа алдахад хүргэв... Lehman Brothers /хөрөнгө оруулалтын банк/ дампуурсан нь санхүүгийн системийн нуралт болов. Санхүүгийн системийг амьдралыг тэтгэх хиймэл аппаратад залгасан, одоо ч тэндээ байна. 2008 оны есдүгээр сарын 15-ны өдөр / Lehman Brothers банк дампуурсан өдөр/ эдийн засаг буурахын эхлэл болсон. Тэгэхдээ ёроолдоо хэзээ хүрэх нь огт мэдэгдэхгүй байна" гэж Сорос оройн зоогийн үед ярьжээ.

Тэрбумтаны бодлоор, одоо дэлхийн санхүүгийн системд болж байгаа үйл явдлыг цаг хэмжээ, нийгмийн уршгийн хувьд ЗСБНХУ-ын бутралттай жишмээр аж.

"Санхүүгийн энэ хямрал миний нүдээр харсан зөвлөлтийн системийн нуралтыг олон талаар санагдуулж байна. Юу болж байгааг тэр үед ч, одоо ч хүмүүс ойлгосонгүй" гэж Сорос хэллээ.

Шинжээчид гэм буруутныг эрж, нэг хэсэг нь Цагаан ордон, нөгөөдүүл нь Сангийн яам, бас зарим нь "зэрлэг байдлаар зээл олгосон" банкууд буруутай гэж байхад нь өөр хэсэг шинжээч "хөнжлийнхөө хэрээр хөл жийлгүй" ухаан бодолгүй аж төрж байсан ард түмнийг буруутай гэв. Хамгийн шудрага нь цаашид яахаа мэдэхгүй байна гэж Волкер хэллээ.

Эх үүсвэр: http://www.tvmedee.mn

3 сэтгэгдэл:

  1. Энэ бичлэг таалагдлаа. Миний бодол санаатай таарсан хэрэг л дээ.

    ReplyDelete
  2. Надад ч таалагдлаа. Бреттон Вүүдс дахиж сэргэхгүй байхаа.

    ReplyDelete
  3. Сонирхолтой нийтлэл байншүү Капитализм үе үе ингэж хамрын ханиад хүрдэг харин энэ удаагийнх нь хэр хүнд юм бол доо? Уушигны хатгалгаа болчихгүй л бол.

    ReplyDelete