Present Simple Tense буюу Энгийн Одоо Цагийг дараах тохиолдлуудад ихэвчлэн хэрэглэдэг гэж байгаа. Үүнд:
- тухайн мөчид, тухайн цаг үед хүчин төгөлдөр (үнэн) байгаа гэж үзсэн ямар нэгэн баримт/факт/төлөв байдал зэргийг дурдахдаа,
- байгаль ертөнцийн хууль, юмс үзэгдэл, процесс гэх мэтийг дурдахдаа,
- өдөр тутмын үйл явдал, зуршил, хэвшил гэх мэтийг дурдахдаа,
- цагийн хуваарь, ойрын ирээдүйд болох үйл ажиллагааны хөтөлбөр гэх мэтийг дурдахдаа,
- спортын тэмцээнийг тайлбарлахдаа (commentaries); ямар нэгэн кино/жүжиг/ном гэх мэтийн тойм, шүүмж зэргийг хийхдээ (review); ямар нэгэн түүх, зохиол гэх мэтийг хүүрнэн өгүүлэхдээ (narration),
- хэн нэгний ямар нэг юманд дуртай/сонирхолтой/таалдаг (like) эсвэл дургүй /сонирхолгүй/таалдаггүй (dislike) байдлыг илэрхийлэхдээ
энэ цагийг ашигладаг. Зарим нэг жишээ дурдъя. Энд тод улаанаар бичигдсэн үгнүүд бол Present Simple tense-ээр хувирсан үйл үгнүүд юм аа.
- John works at a hotel. - Жон зочид буудалд ажилладаг.
/Жоны талаарх яг одоо үеийн мэдээлэл буюу баримтыг дурдаж байна./
- The Earth rotates around the Sun. - Дэлхий Нарыг тойрон эргэдэг.
/Байгалийн хууль-үзэгдлийг дурдаж байна./
- I usually go to cinema at the weekends. - Би амралтын өдрүүдээр ихэвчлэн кино театрт сүүдэр ший үздэг.
/Байнга үйлдэж хэвшсэн зүйлийг дурдаж байна./
- The plane to Beijing takes off at 6:00 pm. - Бээжингийн онгоц 18:00 цагт хөөрнө.
/Онгоцны нислэгийн цагийн хуваарийг дурдаж байна. Онгоц ганц удаа энэ цагт нисч байгаа юм биш. Онгоц байнга энэ цагт хөөрдөг./
- Michael Jordan steals the ball from Karl Malone and passes it to Steve Kerr. - Майкл Жордан Карл Мэлоуны бөмбөгийг тасалж Стив Керт дамжууллаа...
/Сагсан бөмбөгийн тэмцээний тайлбар./
- Tom Hanks acts superbly in the film. - Том Хэнкс уг кинонд ёстой янзтай тоглосон.
/Киноны тойм-шүүмж/
- And Master Yoda says "May the Force be with you!"... - Тэгээд Иода багш "Чамайг Хүч ивээх болтугай" гэж хэлэв...
/Зохиолын хэсгээс хүүрнэн өгүүлж байна./
- I love my country; it's the best place in the world. - Би эх орондоо хайртай, миний эх орон бол хорвоогийн хамгийн сайхан газар.
/Би өөрийн эх орноо гэсэн сэтгэлээ, эх орноо хайрлан хүндлэх чин бодлоо илэрхийлж байна./
Present Simple Tense-тэй хамт always, usually, sometimes, rarely, never, every day/week/month/year/..., on Mondays/Tuesdays/..., in the morning/afternoon/..., at night/the weekend/... гэх мэт цаг заасан үгнүүд байнга хэрэглэгддэг байна.

I work at a newspaper. Xe xe
ReplyDeleteYes, you do. :)
ReplyDelete