2009/03/04

Америкийн эмгэнэлт явдал: Уугуул иргэдийг хядсан нь - 2

1982 оны зун Навахо омгийн индианчууд өөрсдийн оршин суудаг Блэк-Хилс хавийн газар нутгийг "индианчуудын тусгаар улс" гэж зарлажээ. Гэвч америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ үйл явдлыг хав даран чимээгүй өнгөрөөж, харин холбооны засгийн газар үл ойшоосон дүр эсгэж өнгөрөөсөн байна.

1982 оны 9 сарын 20-25-нд Калифорни мужийн Дэвис хотод Америкийн Индианчуудын Олон улсын Анхдугаар шүүх хуралдсан байна. Энэ чуулганд АНУ, Канад төдийгүй Гватемал, Никарагуа, Сальвадор, Чили, Перу зэрэг улсын 150 гаруй индиан омог, байгууллагын төлөөлөгчид оролцжээ. Энэ шүүх хурал нь олон улсын хууль эрх зүйн хэм хэмжээнд тулгуурлан дэлхийн бүх уугуул ард түмний нэрийн өмнөөс АНУ-ыг шүүсэн байна. Ялын тогтоолд дурдсанаар, "АНУ-ын зүгээс Хойд америкийн индиан ард түмнүүдийн эсрэг явуулж буй аймаглан устгах (геноцид) бодлого одоо ч үргэлжилсээр байна. Энэ бодлого харин ч улам өргөжиж, одоо бол АНУ бүр дэлхий даяар уугуул ард түмнүүдийг устгах бодлогыг дэмжиж, зохион байгуулж, оролцож байна. Төв болон Өмнөд Америк, Африк, Дундад болон Алс Дорнодын фашист хунт дарангуйлагч дэглэмтэй улсуудад АНУ нь хамгийн орчин үеийн зэр зэвсгийг байнга нийлүүлж байна. Ерөнхийлөгч Рейганы үеийн АНУ-ын цэрэг дайны бодлого бол ерөөсөө л зэвсэглэлээр хөөцөлдөх бодлого бөгөөд асар их хөнөөлтэй үхлийн зэвсгүүдийг дэлхийн өнцөг булан бүрт тэр тусмаа гуравдагч ертөнцийн орнуудад худалдаалж байна. Дэлхийн өнцөг булан бүрт уугуул ард түмнүүд ядууралд нэрвэгдэж, өлсөж, эмнэлгийн тусламж, орон байрны хангамж, боловсролоор дутагдаж байхад АНУ зэвсэглэлээр наймаа хийж байна. Шүүх хурал ийм геноцид бодлогыг эрс буруушааж байна" гэжээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment